The Universal House of Justice
Ridván 2025
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Есөн Жилийн Төлөвлөгөөний эхний үе шат дуусахад ердөө нэг жил үлдэж байгаа энэ үед бид үүний хэрэгжилтийн талаар, хэрхэн Шүтлэгийн зүгээс өргөн барьж буй зөн хараа нь улам олон хүний зүрх сэтгэлийг итгэл найдвараар дүүргэж байгаа талаар онцгой дээд хүчин чармайлтын жишээнүүдээр дамжуулан тайлагнан мэдээлэхийг хүслээ.
Өсөлтийн үйл явц урагшлан хөгжсөөр байна. Шүтлэгийн үр нь шинэхэн ногоон найлзуур болон соёолж, олон хүнтэй нэгэн зэрэг ажиллах чадвар бий болж эхэлсний үр дүнд өмнө нь мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаагүй янз бүрийн газар оронд гайхалтай хөгжил цэцэглэлтэнд хүрчээ. Энэ бүх хөгжил дэвшил нь өөрийгөө зориулах сэтгэлээр бялхсан олон олон пионеруудын хүчээр гарч ирсэн бөгөөд зүрх сэтгэл нь Эзэн Тэнгэрийнхээ хайраар гэрэлтсэн чухам тэд эх орондоо болон гадаад орнуудад пионерын пост руу яаравчлан одсон билээ. Өсөлтийн хөтөлбөр аль хэдийн эхэлсэн байсан кластеруудад анд нөхөд хоёр ба гуравдугаар зааг шавгад хүрэн өнгөрөхөд нь тус болох хүлээн зөвшөөрөгдсөн стратеги, үйл ажиллагаануудыг бүтээлч бөгөөд мэргэн ухаалгаар хэрэгжүүлэхэд анхаарлаа сэргээн хандууллаа. Хэдийнээ хүчирхэг болсон кластеруудад Бахай амьдралын цоглог эрч хүчтэй бөгөөд хувьсган өөрчлөгч хэв маягийг урам онгодоор дүүрэн улам олон хүн хүлээн авахын хэрээр Шүтлэгийн нийгмийг бүтээн босгох хүчийн бүдэг гэгээ тодрон харагдаж байна.
Үүний зэрэгцээ, анхан шатны түвшинд нийгэмтэйгээ холбогдон ажиллах чиглэлд гаргууд амжилтад хүрчээ. Нийгэмлэгт түшиглэсэн боловсролын чиглэлээрх нийгэмд хандсан үйл ажиллагааны санаачилгууд хамгийн хурдтай нэмэгдсэн бол хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин, эмэгтэйчүүдийг чадавхжуулахуй, урлаг зэрэг салбар дахь санаачилгууд мөн урагшлан хөгжсөн байна. Ийм хөгжил дэвшил хамгийн хүчирхэг кластеруудад илүү тодорхой харагдаж байгаа агаад тэнд тосгод, бичил хороолол, тэр бүү хэл нэг гудамж, эсвэл хүн ам ихтэй орон сууцны нэг л барилгын хүн ард нь Шүтлэгийн зарчмуудыг бодит байдалд хэрэгжүүлсний нөлөөгөөр хөгжил цэцэглэлтэд хүрч байгаа билээ. Зарим нутаг оронд тухайн нутгийн хүүхдийн боловсрол, нийгмийн хөгжлийг хариуцсан иргэний удирдагчид болон хувь хүмүүс зөвхөн Бахайчуудын санаа бодлыг сонсохоор хандаад зогсохгүй бодит шийдлүүд хайж олохын төлөө хамтран ажиллах арга замыг эрэлхийлж байна. Цаашилбал, үндэсний болон олон улсын түвшинд зарим чухал хэлэлцүүлгүүдэд Бахайн арга барил улам бүр анхаарал татаж, бишрэлийг хүлээж байгааг харахдаа бид таатай байна.
Есөн Жилийн Төлөвлөгөө нь Боливи улсын өндөрлөг газарт ч, Сидней хотын захын дүүрэгт үр дүнтэй хэрэгждэг өргөн цар хүрээ бүхий, дэлхий дахиныг хамарсан суралцахуйн үйл явц дээр түшиглэдэг билээ. Энэхүү суралцах үйл явц нь бүх нөхцөлд авч хэрэгжүүлж болохуйц стратеги, үйл ажиллагаануудыг төрүүлсэн юм. Энэ бол системтэй, энэ бол органик, энэ бол бүхнийг хамарсан байдаг. Энэ нь гэр бүлүүдийн дунд, хөршүүдийн дунд, залуучуудын дунд, мөн энэхүү гайхамшигт үйлсийн хөдөлгөгч хүч нь болоход бэлэн байгаа хэн бүхний дунд харилцаа холбоог үүсгэж, улмаар динамик харилцааг хөгжин цэцэглүүлдэг. Энэ нь нөөц боломжоор дүүрэн нийгэмлэгүүдийг төлөвшүүлдэг. Энэ нь газарзүй, хэл, соёл, нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлагдмал байсан ч одоо Бахауллагийн "бие биенийхээ амьдралыг сайжруулахын төлөө зогсолтгүй хичээх" хэмээх бүхнийг хамарсан уриалгыг хүлээн авч, түүнд хариу өгсөн хүмүүсийн нийтлэг өндөр дээд хүсэл эрмэлзлийг бодит болгох боломжийг олгодог. Мөн энэ нь, “нэгтгэгч хүч”, “зүрх сэтгэлийг хөдөлгөгч, хүн төрөлхтний ертөнц дэх холбогч бөгөөд зохицуулагч” болсон Бурханы Үгийн амьдрал хайрлагч хүч болон үүнээс урам онгод аван хэрэгждэг тогтвортой үйл ажиллагаанаас бүрэн хамаардаг.
Шуургатай тэнгэрийн харанхуйн эсрэг гаргах та бүхний тууштай хүчин чармайлтаас сацрах гэрэл хэчнээн хурц гээч! Дэлхий дахиныг ширүүн шуурга нөмөрлөө ч хүн төрөлхтнийг орогнуулах хоргодох байр улс орон, бүс нутаг, кластеруудад бий болсоор байна. Гэвч хийх зүйл их. Төлөвлөгөөний нээлтийн үе шат болох энэ хугацаанд гаргах ахиц дэвшлийн талаар үндэсний нийгэмлэг бүр өөрийн гэсэн төсөөлөлтэй буй. Цаг хугацаа өнгөрөн одож байна. Хайрт анд нөхөд, тэнгэрлэг сургаалыг зарлан тунхаглагчид, Адист Гоо Жавхлангийн аваргууд та бүхний хүчин чармайлт одоо хэрэгтэй байна. Дараагийн Ризваны өмнөх саруудад хүрэх хөгжил дэвшил бүхэн тань Төлөвлөгөөний хоёр дахь үе шатанд хүрэх амжилтанд тань шаардагдах бүхнээр Хамгаас Агуу Алдрын нийгэмлэгийг хангах болно. Та бүхэнд амжилт баталгаажих болтугай. Үүний төлөө бид хамгаас дээд Эзэнд мөргөн залбирна; үүний төлөө бид Түүний шавхагдашгүй тусламжийг гуйн залбирна; үүний төлөө бид та нарын хүн нэг бүрд туслахаар Өөрийн онцгой сахиулсан тэнгэрүүдээ илгээхийг Түүнээс гуйн мөргөх болно.
- The Universal House of Justice